Надад хоёр гар утас байдаг. Нэг нь минийх, нөгөө нь диваажинд заларсан хадам ээжийн маань гар утас. Хоёр жилийн өмнө хадам аав, ээж хоёрынхоо хуримын ойд зориулан хөгшидөд гар утас хослуулан авч өгсөн юм. Мессеж хэрхэн бичихийг зааж өгсөн тул хоёр хөгшин маань хэдэн өдөр бие биендээ мессеж бичээд их л ажилтай байлаа.

Харамсалтай нь, өнгөрсөн гуравдугаар сард хадам ээж маань хорт хавдараар өвчилж, гэнэтхэн хорвоог орхин одсон тул ээжийн гар утсыг би хадгалан үлдсэн юм. Гэтэл нэг сарын өмнө аавыг гадагш гарсан үед ээжийн утсанд мессеж ирлээ. “Ханиа, би шөнийн ээлжинд ажиллах тул хүүхдүүдтэйгээ хоолоо идээд сайхан амраарай” гэжээ.

Тэр мөчид би маш их гайхлаа. Ээжийг нас барсанаас болоод аав маань сэтгэлийн цочролд орсон юм болов уу, эсвэл зөнөж байгаа юм болов уу хэмээн санаа зовж эхлэв. Тэр орой ээжийн утсанд дахин мессеж ирлээ. “Ханиа, гадаа их хүйтэн байна. Дулаахан хөнжил нөмөрч унтаарай” гэжээ. Нөхөртэйгөө хамт тэр мессежийг уншаад бид мэгшин уйллаа. Тэгээд “хэсэг хугацаанд ажиглаж байя” хэмээн ярилцан тохирлоо.

Дараа бас нэг мессеж ирлээ. “Ханиа, бороо орж байна. Хэдэн цагт ирэх вэ. Шүхэр аваад тосож очьё. Үгүй ээ. Би солиорч байх шиг байна. Санаж байна шүү...”

Энэ мессежнээс хойш хэсэг хугацаанд чимээгүй байж байгаад дахин мессеж ирлээ. “Миний охион, өнөөдөр цалин бууна. Захих юм байна уу, аваад очьё” гэжээ. Би хариуд нь “Аав аа, хоёр ширхэг загас аваад ирээрэй” гэж бичив.

Тэр орой аавын авчирсан загасаар сайхан шөл хийгээд гэр бүлээрээ хамтдаа хооллов. Хоолны дараа нэг хундага архи уучихаад аав маань “Одоо хирнээ, хаалга онгойгоод ээж чинь ороод ирэх юм шиг л санагдаад байх юм аа. Урьдынх шигээ мессеж явуулсан чинь хариу ирэхгүй байна лээ. Одоо л түүнийгээ нас барсан гэдэгт итгэж байна. Та нар намайг гайхан ажиглаад байгаа хирнээ юу ч хэлж чадахгүй байгааг чинь мэднээ, уучлаарай” гэж билээ.

Тэр цагаас хойш аав маань ээжийн утас руу ахиж мессеж бичсэнгүй. Харин би одоо аавд мессеж бичдэг. “Аав аа, юм угаах гэсэн юм. Та дотуур хувцасаа хаана далд хийчихсэн юм бэ?”

(Орчуулга)

Жич: Бид өндөр настай аав, ээжийгээ хэрхэн ганцаардаж байгааг тэр болгон анзаарч мэдэхгүй, өдөр тутмын ажилдаа дарагдан тэднийгээ мартчихдаг гэмтэй. Тэдэнд маань ӨНӨӨДӨР хайр халамж, анхаарал, урмын үг, энэрэл хайрын мессеж хэрэгтэй байна. Таныг энэ хорвоод төрүүлж өсгөн хүн болгосон эмгэн буурал ижий, азай буурал аав руугаа ЯГ ОДОО УТАСДАН мэнд амарыг нь асууж, тэдэндээ ХАЙРТАЙ гэдгээ хэлээрэй!

Эх сурвалж: http://blog.daum.net/mongollove

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (7)

Энэ үгийг зохиолч Бөхийн Бааст гуай хэлсэн билээ. Тэрбээр 75 насныхаа ойн цайллага дээр сэтгэл хөдөлсөндөө болоод ингэж хэлчихсэн гэдэг.

2007 оны намар азай буурал зохиолчтой уулзахад “Гэрийн, хээрийн хоёр хар амт” номоо бэлэглэсэн юм. Бүхий л насаараа эх орныхоо байгаль, ан амьтныг хайрлан хамгаалах тухай бичсэн энэ зохиолч эл бүтээлдээ дан чонын тухай тууж, өгүүллэг, үлгэр зэргийг багтаажээ. Тэрээр “...Ерөөсөө ингээд эргээд бодоод байсан чинь манай эх орны нэгэн зүйл, нэн эрэлхэг сүрлэг гайхамшигт араатан чоно гуайг эх орныхоо их утга зохиолд анхлан бүдэг бадаг ч атугай дүрслэн оруулж ирсэн зохиолч яах аргагүй миний бие мөнөөс мөн бололтой” гэж бичсэн нь ортой болов уу.

...1975 онд Өмнөговь аймагт болсон Монголын тэмээчдийн анхдугаар зөвлөгөөн дээр Бааст зохиолч үг хэлж “чоно олонтой газарт түүнийг цөөлөе, чоногүй болсон газарт чоно аваачиж тавья. Ер нь чоныг хүйс тэмтрэн устгаж болохгүй. Чонотой байхад малчин хүн малчин шиг л байна” гэсэн санал тавихад тэр зөвлөгөөнд оролцсон тэмээчид таашаан хүлээн авчээ.

Тус зөвлөгөөнд оролцож байсан нам, засгийн удирдагчдаас Т.Рагчаа, Н.Жагварал хоёр,
-Энэ Бааст зохиолч чоно, чоно гээд юу хэлээд байна вэ? Түүний саналыг анхааралтай хүлээн авах хэрэгтэй. Тэр үнэн юм ярьж ардын ухаан гаргадаг золиг байгаа юм гэж хошигнон хэлжээ. Тэгээд орой нь болсон зоог дээр нөгөө хоёр дарга “Чоно ба Баастын төлөө” гэж хундага өргөсөн хэмээн ахмад сэтгүүлч Г.Баатарчулуун дурссан байдаг.

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр.
Нийтээр нь хомроглох Их баривчилгаа эхэлсэн 1937 оны есдүгээр сарын 10-ны өдрийг дурсан улс даяар хэлмэгдэгсдийн өдрийг тэмдэглэх болсоор 13 жилийн нүүр үзлээ.

Таван хошуу малаа маллан, тааваараа айраг цагаагаа хүртэж, дөрвөн цагийн эргэлтэнд дураараа нүүж явсан нүүдэлчин монголчуудыг “ангийн хувьсгал” хэмээх аймшигт мангас хоттой хонинд орсон галзуу чоно мэт хүү татаж, дураараа тонгочсон хар дарсан он жилүүд байсан юм.
“Революция гэж мэдэхгүй бол
Энэ маузераар ярихаб, сархинсаг”
гэсэн үг “моодонд” орсон будантай манантай тэр жилүүдийн шуурганд 37 мянган хүн хэлмэгдсэн гэдэг. Гэхдээ энэ бол ердөө багцаа төдий тоо ажээ!

Монгол улсын нутаг дэвсгэрт байсан 800 шахам сүм хийдийг бараг бүгдийг нь газрын хөрснөөс арчиж, сурвалжит тайж ноёд явсан хүмүүс, ном эрдэмтэй лам хувраг, төрийн мэргэн түшмэд, төвшин энгийн ард зэрэг нийгмийн бүх давхаргын төлөөллийг хуйгаар нь хядсан аймшгийн тэр он жилүүдэд дэлгэсэн тэрлэг шиг нутагт минь айл бүрээс шахуу хэн нэг нь толгой дээгүүрээ дээлээ нөмөрч, ард үлдсэн эхнэр хүүхэд нь нүүрээ нулимсаараа угааж суусан юм гэдэг.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Р.Рейган Зөвлөлтийн коммунист төр, засгийг “Ороолонгийн эзэнт гүрэн” хэмээн онож нэрлэсэн билээ. И.Сталины толгойлсон “Ороолонгийн эзэнт гүрний” хараа хяналт, хатуу ширүүн нударга дор 37 мянган хүнээ хэлмэгдүүлэн хядсан “Тоглоомын бүгд найрамдах улсын” Ерөнхий сайд асан А.Амар гуай их хэлмэгдүүлэлтийн өмнөхөн буюу 1936 онд “Бид дотооддоо эв нэгдэлтэй, гадааддаа найртай болбоос манай улс тогтнож чадах ажээ. Манай улсын удирдлагын явж ирсэн байдлыг үзвээс хэдэн жил болмогц ямагт эвдрэлцэн тэмцэлдсээр ирсэн бөгөөд бидний энэ тэмцэл нь улс тогтнон хөгжих хийгээд ардууд амар тайван орших явдалд ихээхэн саадтай бөгөөд хэдий нэгэн удаа эвлэрсэн нэртэй болдог боловч бас хэдэн жил өнгөрөлгүй эвдрэх хэрүүлийг хийсээр ирсэн баймой. Энэ явдлын үндсэн гол шалтгаан нь өөрийн улсаа бодолгүй элдэв төөрөгдөлтэй явдлаас гарах амой” хэмээн бичиж байсан нь гашуун боловч үнэн билээ.

Эх орон, элгэн нутгийнхаа төлөө ингэж цогтой үнэн үгээ хэлж байсан Монгол улсын Ерөнхий сайд А.Амарыг 1941 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Москвад онцгой комиссын хурлаар оруулан цаазаар авах ял оноосон байдаг. Дэлхийн II дайн эхлээд бараг сар шахуу болж, эх орныхоо ихэнх хэсгийг фашистын Германы армийн хүчтэй довтолгоонд алдаад байсан мөртлөө туурга тусгаар Монгол улсын Ерөнхий сайдыг ардын хувьсгал ялсных нь 20 жилийн ойн баярын өдрөөр цаазаар авах ял оноож байдаг нь ёстой л “Ороолонгийн эзэнт гүрэн”-ий харгис махчин бодлого мөн дөө.

Малаа хариулж явсан малчин, маань уншиж суусан хувраг, төрийн төлөө оготно мэт зүтгэж явсан албан хаагч, цэрэг цуух, хөдөлмөрчин ард зэрэг хэлмэгдүүлэлтийн хар саварт амь насаа алдсан таны, миний, бид бүгдийн аав ээж, авга нагац, өвөг дээдсийн минь ариун сүнс энэ өдөр дээд тэнгэрээс үр хойч биднийгээ харж байгаа нь лавтай. Тэднийхээ дурсгалыг хүндэтгэн сэтгэлийнхээ хойморт гэгээн дүрийг нь залж, гэрийнхээ хойморт бадмалан асах мөнхийн зулаа өргөе.

Аръяабал. Ум ма ни бад мэ хун!!!

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

Өчигдөр гэрийн маань нет тасарсны “буянаар” ОРТ сувгаар В.Высоцкийн дурсгалд зориулсан нэвтрүүлэг  үзлээ. В.Высоцкий 1938 оны нэгдүгээр сарын 25-нд төрж  1980 оны долдугаар сарын 25-нд  нас барсан юм байна. Тэрээр дөнгөж 42 насалсан хэдий ч Оросын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдсэн болохыг  ТВ-ээр харлаа.

 Түүний тухай надад анх ах маань хэлж өгсөнсөн.  “Высоцкий гэж хэн юм бэ? Юугаараа тийм их алдартай хүн бэ?” гэсэн миний асуултад ах маань Социалист нийгмийн  “солгой” дуучин  гэсэн ганцхан өгүүлбэр хэлж билээ.

 

Хрущевын дулаарлын үе, Брежневийн зогсонги үе дэх Оросын ард түмний сэтгэлгээний дууч болж, социалист нийгмийн нийтийн дуунд "солгой" хоолойгоор гоцлон дуулж байсан яруу найрагч, жүжигчин, дуучин В.Высоцкийн тухай үүнээс илүү яаж тодорхойлох  билээ.

 

Түүний дууг зөвхөн ЗХУ-д төдийгүй/одоогийн Орос оронд/ дэлхийн бусад олон олронд сонсдог ажээ. Тэр ч байтугай дэлхийн татах хүчнээс давж гаран сансар огторгуйн уудамд ч цууриатаж байсан гэнэ.

 

...Нөхөр чинь хэрвээ гэнэт

Нөхөр дайсан нь мэдэгдэхээ больчихвол

Сайн муугийн аль нь ч бүү мэд

Саарал өнгөтэй болчихвол

Тэглээ гээд ганцааранг нь бүү орхи

Түүнийгээ чи уул руу аваад авир

Нэгэн олсоор холбогдсон хойноо

Найз чинь тэнд хэн гэдгээ харуулна хэмээсэн дууг нь сансрын нисгэгч В.Коваленко, А.Иванченков хоёр сансрын хөлгөөс дамжуулан орчлонгийн уудамд цууриатуулж байсан тухай Оросын нэрт яруу найрагч Р.Рождественский дурссан нь бий.

 

Сонирхуулахад, А.Вампиловын нэрэмжит Эрхүү хотын Залуучуудын театрын ерөнхий зураач нь манай драмын театрын найруулагч Н.Болдод зориулан В.Высоцкийн хөргийг зурж бэлэглэсэн ажээ. Болд найруулагч манай нэг яруу найрагч Владимир Высокийн дууны шүлгийн түүвэр орчуулж байгааг сонсоод өнөө зургаа бэлэг болгон барьсан гэдэг. В.Высоцкийг шүтдэг, хүндэлдэг олон хүний сэтгэлийн илч шингэсэн тэр зураг нь одоо яруу найрагч Ж.Нэргүйн гэрийн хананд өлгөөтэй буй. Учир нь тэрээр В.Высоцкийн  шүлгүүдийг орчуулан “Бухимдал” нэртэй ном 2005 онд хэвлүүлсэн  хүн билээ. Түүний орчуулснаар “Би дургүй” хэмээх шүлгийн нь энэ удаа блогтоо “заллаа”.

 

 

Владимир Высоцкий

 

Би дургvй

Ёс юм шиг эцэслэлд би дургvй.
Ёрын амьдралаас хэзээ ч би залхахгvй.
Дуу шуу байхгvй л байх юм бол
Дөрвөн улирлын алинд нь ч би дургvй.

Увайгvй аашинд угаасаа би дургvй.
Улайран гайхах бvр ч дургvй.
Мөрөн дээгvvр минь өнгийж байгаад
Миний захиаг уншихад маш дургvй.

Хагас хугас юманд би дургvй.
Хайран яриаг таслахад минь дургvй.
Ар нуруунаас буудахад би дургvй.
Адилхан бас дургvй ээ, урдаас тулгаж буудахад.

Таавар болгож хов жив ярихыг vзэн яддаг.
Тээнэгэлзэл хийгээд хоёр vзvvртэй зvvг ч мөн адил.
Vс сөргvvлэн илэхэд би дургvй.
Vзvvртэй төмрөөр шил чахруулахад дургvй.

Цатгалан бардамналд би дургvй.
Цагаасаа өмнө татаж авах нь дээр.
“Нэр сvр”-ээ мартах нь гомдолтой.
Нэр хvндээрээ нvд хуурах нь ч гомдолтой.

Хугарсан жигvvр харах ч би дургvй.
Худлаагаасаа өрөвдөхгvй, тэгж л байг, хамаагvй.
Хvчирхийлэл хийгээд албадлагад бvр дургvй.
Харин цовдлогдсон Христийг л дэндvv өрөвдмөөр өө.

Өөрийгөө хулчгар зан гаргахад би дургvй.
Өрөөлийг буруугvй байхад зодохыг тэсэж чадахгvй.
Сэтгэл рvv минь өнгийхөд бvр дургvй.
Сэтгэл рvv минь нулмихад хамгийн их дургvй.

Дэвжээ хийгээд тайзанд би дургvй.
Тэнд чинь сая саяыг ганцхан рублиэр өгчихдөг юм.
Урд минь элдэв өөрчлөлт хvлээж л байг, хамаагvй.
Угаасаа тиймэрхvv юманд огтоос би дургvй.

 

http://soronzon.blogspot.com/

 

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

Ерэн таван оны наадмаар юм. Гурвын даваа эхлэх гээ л. Аваргууд засуулаа ганхууланхан эргэлдэж, цол гуншингаа дуудуулаа л.

-Баруун талын засуулууд сон...соо...д, бөх амлъя аа...
-Сонслоо...
-Бүрээн эрхт Бүгд Найрамдах Монгол Улсын үндэсний их баяр, ардын хувьс...гаалын түүхэн яруу алдарт далан дөрвөн жилийн ойн их баяр цэнгэл наадмын хүчит бөхийн зүүн талын тэргүүн магнайд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат далай, даян, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ манлай...
-Баярлалаа...
-Танай талын баруун жигүүрт байгаа Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат залуу бөх Болдбаатарыг амлан авч, уран мэхийг уралдуулан хийж, хүчийг үзэн барилдъя гэв ээ... л болов.

Яг энэ үеэр Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржийн гар утас руу хэн нэгэн залгалаа л гэнэ. Хөдөөнөөс, Чандманаас Засаг дарга нь ярьж байна л гэнэ.
“Хөөе, цаана чинь Бат-Эрдэнэ аварга манай сумаар овоглосон нэг залууг авчихлаа. Давааням заанаас өөр сумынхаа нэрийг дуудуулах хүн хаанаас гэнэт гараад ирэв ээ. Тэр Болдбаатар гэж хэнийхний хүүхэд вэ. Аваргыг “дөнгөх” нөхөр үү, үгүй юү, хэр “юм” байна” л болж.
Чухамдаа тэр “битүү” нөхөр нь Нямдорж тэргүүний ах, улсын засуул Р.Чойдоржийн хүү байсан бөлгөө.

Нэгэн насаараа наадмын зүлэг ногоон дэвжээнд бөх засч, “эр бор харцага”-уудыг мөрөн дээрээсээ гаргасан өвгөн засуул, наадмаар зодоглуутаа хоёр даваадахсан хүүгийнхээ хувь заяаг өөрийнхөө салхиар эргүүлж Баагий аваргад аминчилж хэлээд амлуулчихсан хэрэг. Аваргыг давчих байх гэж бодсондоо, аль эсвэл аваргад унаад үзэг гэхдээ тэгээгүй нь лав. Нэг бодол байсан л байж таараа.

...Мөнхүү дархан аварга Дарийн Дамдин агсан нэгэнтээ “Наадмын хоёрын даваа шувтрах үеэс “Аварга аа, маргааш өглөө эхлэх гурвын даваанд намайг амлаач” гэж оройжин дагаж гуйгаад салахгүй хүн надтай таарч байсан” хэмээн дурссан байдаг.

Бас нэгэнтээ Г.Өсөхбаяр аварга “Ахыгаа гурвын даваанд авчихаарай. Би унаад л өгнө. Хөдөөнөөс ирсэн хүн би хоёр давчихлаа. Гурвын даваанд нутаг усаа нэг сайхан цоллуулчихаад буцъя” гэж хүн хэлэх хэцүү юм билээ. Итгэхэд бэрх, итгэхгүй байх бүр ч бэрх” гэж дуугарсан удаатай.

Яагаад чухам гурвын давааг онцолно вэ. Яагаад чухам аваргыг онцолно вэ. Гурвын даваа цолны даваа биш. Тиймийн учир эв нь таараад аваргыг хазайлгачихвал... гэж бодох хэн байхав. Харин гурвын даваа цол дуудах, цолоо дуудуулах даваа бөлгөө. Энд л нэг тийм монгол үндэсний бөхөөс өөр спортод огтоос байдаггүй нандин гаргалгаа байгаад байгаа юм. Юу вэ тэр нь.

Наанадаж, төрийнхөө наадмаар хүчирхэг, жавхлант эрсийн сор манлай болсон аваргатай гар зөрүүлэх завшаан аавын хүү болгонд тохиодоггүйг бодолцдог нь ч бий л биз. Цаашлаад нутаг усныхаа нэрийг дөрвөн зүгт, тэнгэр газрын савслагаар нэг цуурайтууланхан дуудуулаатахъя гэж сэтгэх нь ч байдаг л биз.

Түүнээс бус угтаа аваргад унах, аваргыг унагах тухай бодох нь сонин биш ажгуу. Аваргад амлуулахын нарийн учир, нандин утга энэ. Мөнхүү төрж өссөн эх нутгаа, “дэлгэж тавьсан чулуун судар” дэвсгээ юу юунаас дээгүүрт боддог гагц монгол хүний нинжин халуун сэтгэл ч ханхлаад байгаа юм.

Аваргад “амлуулсан” бөхийн хувьд ийм ч, аваргад “амлуулсан” бөхийнхөө тухай нутаг нугаараа л нэг өмөөрөнхөн ярина даа, харин.

“Манай хэн ч муу бөх биш шүү, даан ч аварга амалчихлаа”, “Бараг л хаях шахсан шүү, цаадах нь аварга хүн тулдаа л давлаа”, “Энэ жил унаа л биз, ирэх жил аваргыг хаяна аа хө”, “Овоо шүү дээ, хэн маань. Ус нутгийнхаа нэрийг улс даяар цоллуулаад...”. Энэ мэт цавьдар яриа айлаас айл, хотноос хот дамжин эмээл дээр суунаглаж, ээмэг хөдөлгөн намжирхана. Наадам, наадмын амт улам орно.

Хожим нь аваргад “амлуулсан” эр “Тэр жил намайг аварга амлаагүй бол ч..., аваргатай таараагүй бол ч...” гэж ёстой бардам “ам хална”. Яадгийм. Монгол наадмын гурвын даваа гэж.

Жич: Энэ мэт дэлхийд ганцхан Монгол наадмын тухай өгүүлсэн олон сайхан уншууртай бичлэг, Агваансамдангийн Сүхбат аварга, гоц мэргэн харваач Цэвээний Хүдэрчулууныг амилуулсан цаасан бар буюу уран хайчилбар, энэ жилийн наадмын өнгийг тодорхойлж мэдэх гурван Ган буюу улсын арслан Д.Ганхуяг, Улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Б.Ганбат нарын тухай тэмдэглэлийг дараах блогоос уншиж танилцана уу.

http://www.badrangui.blogspot.com/

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (1)

[clip_image002.jpg]


Энэ зурган дээрх монгол гутал бол Оросын ШУА-ийн угсаатны судлалын музейд хадгалагдаж байгаа эд. Тайлбарт нь хүүхдийн гутал хэмээн тодотгосон аж. Хэдий үед ямар хүний үр өмсөж эдлэж явсан гутал хилийн дээс даван харь орны музейд залран байдаг юм бол доо, зайлуул…

Намайг бага байхад ах маань оньсого цээжлүүлж таалгадаг байсан юм. Одоо ихэнхийг нь мартжээ. Харин санаанд минь үлдсэн оньсого гэвэл энэ байна. “Хар морь ногоон ногттой” тэр юу вэ?
-Монгол гутал.

“Монгол хэлнээ ямар нэг амьтны мөчний арьсыг год буюу годулсун гэдэг бөгөөд одоо ч бид “арьсны год”, “хурганы год” гэж ярьсаар байна. Ер нь ямар нэг амьтны хөл шилбийг хучсан арьсыг год гэж хэлдэг бөгөөд хүний хөлийг байгаль орчны нөлөөнөөс хязгаарладаг, хамгаалах үүрэгтэй амьтны годоор хийсэн эдлэлийг год, годулсун, годол, гутал гэж үе улиран нэрлэж бичиж иржээ. Гутал хэмээх үгийн гарал нь годулсун хэмээх үг гэж байсан болов уу” гэж эрдэмтэн Х.Лувсанбалдан гуай бичсэн байдагсан.

Түүнчлэн “Монгол малгай, дээл, цамц тэргүүтэн нь бүгд ам нь доошоо харсан сав мэт зүйл ажээ. Тийм учир дотор нь орсон зүйлийг асгаж гээх учиртай гэнэ. Гэтэл үүнийг асгуулахгүй, эл хувцас өмссөн хүн хишиг буянаа барахгүй байх аргыг хүн сүвэгчилж, тэр нь юу вэ гэвэл тэрхүү дээл малгай мэт дээд биеийн хувцаснаас асгах бүгдийг дороос нь тосох хишгийн сав болгосон гутал оймс болно. Оймс гутал хоёрын ам нь өөдөө харах тул түүнд орсон юм барагдах учиргүй бөгөөд эдгээр нь өмссөн эзнийхээ хишиг буяныг хурааж явдаг” гэж угсаатан судлаач Х.Нямбуу гуай бичсэн байдаг билээ.

Иймийн учир эрт дээр цагаас өвөг дээдэс маань хөлд углах эдийг “Түших төрийн гутал” гэж хүндэтгэн нэрлэж ирсэн болов уу.

Монгол ардын зүйр цэцэн үгэнд:

Гутал муут гурвын хойно
Гуниг эр гучийн хойно

Гуталдаан хавчигдсан хөл хөөрхий
Эхнэртээн хавчигдсан эр хөөрхий гэдэг нь нэгийг сануулж нөгөөг өгүүлнэ бус уу?

Эцэст нь сонирхуулахад Гутал хэмээх үгийг

Оросоор –обувь
Чехээр-Обув
Польшоор-Обувнэ

Англиар-Шоес
Германаар –Штоффе

Францаар –Тиссис
Испанаар-Тэсидос
Италаар-Тессути

Араваар-Ахдиьга
Унгараар-Лаббели
Хятадаар-Сюесе
Энэтхэгээр-Жүтэ гэдэг хэмээнэ. Энэ зөв үү? Хэрвээ буруу зөрүү бичсэн байвал блог Андууд минь засаж залруулна уу! Мөн мэддэг хэлээрээ нэмэн бичиж арвижуулна уу!

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (2)


“Удахгүй таван нас хүрэх гүнждээ таарч тохирох ханхүү хайж байна” гэсэн зарлал энд тэнд харагдвал та бүү гайхаарай. Би бичиж хувилаад шуудангийн салбарууд, “Шуурхай зар” сонин, оюутны дотуур байр, ОСМО-гийн лавлах, баар рестораны хаалга, байрны орц үүд, автобусны буудал, Ард кино театр зэрэг газраар тарааж, цавуудаж нааж, нийтлүүлж хэвлүүлсэн хүн шүү. Юуны учир ийм зар түгээх болсон учир шалтгаанаа одоо тайлбарлая.

Саяхан охинд маань ээж нь буддаг ном авчирч өгсөн юм. “Coloring book” хэмээн бичсэн ийм ном байлаа. Өнгө ялган будсан наалттай жижиг зургийг нь дууриалган будаж зурж их л завгүй өнжсөн охин маань уржигдар,
-Аав аа, чи надад ханхүү олж өг! гэдэг юм байна. Учрыг нь олоогүй би гайхаад,
-Юун ханхүү билээ миний охион гэвэл
-Энэ номон дээр байгаа шиг гоё ханхүү олж өг. Би бас бүжиглэмээр байна гэнэ. Ёооё…

Сүүлийн үед биеэ чагнан байнга хэвтэж байдаг шинэ ажилтай болсон аавд нь бэлэн зэхээний ханхүү хаана байх вэ дээ? Тэгээд бодож бодож нэг арга оллоо.
-Миний охион, энэ ханхүү чинь холын холд, бүр мааш их холд байдаг юм шүү дээ. Аав нь дараа утсаар ярьж байгаад дуудаад ирье. Одоо аав нь ханхүү болчихьё. Тэгэх үү?
-Ханхүү чинь залуухан бас генерал хувцастай байдаг байхгүй юу. Чамд генерал хувцас байгаа юм уу?
-Ммм. Аавд нь генерал хувцас байхгүй л дээ. Аав нь Метроmall-аас худалдаад авчихья.
-Аав аа, чи ханхүү болж чадахгүй ээ. Чиний зүрх чинь дандаа өвддөг болохоор бүжиглэж чадахгүй ш дээ. Тэгээд бас чи хөгшин…

За иймэрхүү харилцан ярианы дараа аавын ханхүү болох гэсэн мөрөөдөл, оролдлого “будаа болов”. Нарны эрт, насны залуу дээр өөр арга бодохгүй бол болохгүй нь ээ. Дараагийн шатны “Ы” операци зохиож хэрэгжүүлэхээр шийдээд гар утсаа авлаа.

-Байна уу, аан ханхүү юу? Тийм. Би Аминаагийн аав байна аа. Тийм тийм. Манай охин өөртэй чинь танилцаж тоглоё, бас бүжиглэе гэнээ. Та манайд хэзээ ирж чадах вэ? Юу, өнөө орой юу. Болно болно. За тэгээрэй. Баярлалаа, баяртай.

-За сонсов уу? Аав нь ханхүүтэй ярьчихлаа. Чамайг хичээлээ сайн хийгээд зургаа цэвэрхэн зурвал саяны ярьдаг ханхүү өнөө орой манайд ирье гэж байна. Аа харин хичээлээ хийхгүй залхуурч, ядарч байна гээд байвал ирэхгүй гэж байна шүү гэлээ.

Энэ үгийг сонссон охины минь зан ааш уян дөлгөөн болсон гэж юухэв. Барагтай л бол хичээлээ хийхгүй хойш сууж, намайгаа элэг бариад эрхэлж нялуураад байдаг хүн маань төрөл арилжчих шиг л боллоо. Намираад л байх нь тэр. Тэр их идэвхийг нь харсан би сүүлдээ худлаа хэлсэндээ санаа зовчихлоо.
-Одоо миний хүү ядрана. Боль боль, амар гэвэл
-Үгүй ээ, би хичээлээ хийнэ. Орой манайд ханхүү ирж надтай бүжиглэнэ гэсэн гээд ширээнээс ховхордоггүй шүү. “Хүүхдэдээ худлаа ярьж болохгүй” гэсэн сурган хүмүүжүүлэх ухааны алтан дүрмийг аав гуай зөрчснөөс болж асуудал үүсвээ, хөөрхий. Тэрхэн зуур худлаа хэлээд охиноо аргалаад өнгөрөөх гэсэн биш ийм ноцтой байдалд хүрэх юм чинээ санаагүй тэнэг толгой өөрийгөө баахан харааж зүхлээ дээ.

Ингэсээр байтал цаг талийж орой боллоо. Үлгэрийн ханхүү байдаггүй ээ. Өдөржингөө үлгэрийн ханхүүг хүсч мөрөөдөн хичээлээ идэвхтэй хийсэн охин минь унтах болоход,
-Ханхүү ирэхгүй юм байна даа гэж гомдолтой нь аргагүй өгүүлээд аавдаа ч үнсүүлэлгүй буруу харан хэвтлээ. “Би юу хийчихвээ?”

Хуруун чинээ жаахан охин ингэж гүнзгий тусгаж авах юм гэж би яаж санах билээ. “Бурханы элч”-ийг гомдоодог би мөн ч нүгэлтэй амьтан юм даа. Одоо яаж нүгэлээ наминчилж гэмээ цайруулдаг юм билээ. Өчигдөр бас л номоо будаж өнжсөн охин маань үлгэрийн ханхүү ирж өөртэй нь бүжиглэнэ гэж итгэсээр л байгаа бололтой.
-Аав аа, ханхүү яагаад ирэхгүй байна аа гэж асуусаар...

“Ийм залуухан царайлаг, бас сайхан бүжиглэдэг ханхүү үлгэрт л гардаг юм” гээд хэлчихвэл миний муу шар гүнж насан туршдаа надад гомдох ч юм бил үү? Хэлээ тас хазлаа. Тэгж муу амлан охиноо гомдоосноос газар доогуур орсон нь арай дээр биз гэж бодоод ханхүүгийн эрэлд мордсон юм. 

Ийм л учраас би энд тэндхийн сонин хэвлэл, сайт дээр “Удахгүй таван нас хүрэх
гүнждээ таарч тохирох ханхүү хайж байна” гэсэн зар тавиад байгаа юм. Юмыг яаж мэдэхэв одоо энэ мөрийг уншиж суугаа эрхэм блогчин таны дэргэд миний охинтой нас чацуу, нуруу ижил ханхүү байвал холбоо барина уу. Миний бяцхан гүнж, таны сайхан ханхүү хоёр хэн хэндээ таалагдаад хэзээ нэгэн цагт ингэж бүжиглэж явах ч юм билүү. Тэгээд аз жаргалтай амьдран амар сайхандаа жаргах ч юм бил үү, хэн мэдлээ.

 

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (3)


Монголчууд чонын ил нэрийг цээрлэн “Тэнгэрийн нохой”, “Боохой”, “Хээрийн боохой”, “Жуухалдаг”, “Жийтгар”, “Жийхгар”, “Хэцүү нэрт”, “Хар амт”, “Уйлмаа” хэмээн нэрлэдэг. Би энэ удаа чонотой холбоотой баримтын цуглуулгаасаа цөөн хэдэн мөр зүйл тэрлэв. Та бүхэн чоно хэмээх амьтны тухай дуулж мэдсэн, уншсан харсанаа харамгүй хуваалцаж цуглуулгад минь нэмэрлэвэл гүнээ талархах байна.

Нэгэн зүйл. Өнөөгийн бидний чоно хэмээн ярьж, бичиж буй үгийг хуучин монгол бичгийн хэлэнд "чинуа"-/чиноа/ гэж бичдэг ажээ. Энэ үгийн үүсэл гарлын тухай эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуай бичихдээ:
...Ашина овгийн түргүүд манай эриний зургаа долдугаар зууны үед Азовын тэнгисээс Хянганы нурууг давтал аварга том гүрэн улс байгуулж хоёр гурван зууныг эзлэн сууж байсан цаг бий. Тэр үед "а+шина" буюу "ариун чоно" гэдэг овгийн түргүүд ихэд хүчирхэгжиж манджээ. "Шина" гэдэг нь чоно буюу монгол бичгээр "чинуа" хэмээн уламжлагдсан үг гэжээ.

Нэгэн зүйл. Монголчууд чоныг хийморьтой амьтан гэж хүндлэн “Ижил тэнгэртэйдээ харагдаж, илүү тэнгэртэйдээ яалгадаг“ гэх. Тэгээд ч нүүдэлчин монголчуудын өвөг дээдэс өөрсдийгөө талын хөх чонотой зүйрлэн хэлэлцэх дуртай байсан нь түүх шастирт мөнхрөн үлджээ. “Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-чино, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвгүүнийг төрүүлжээ” хэмээн “Монголын нууц товчоо” зохиол эхэлдэг билээ.

Нэгэн зүйл. Монгол ардын зүйр цэцэн үгийн сан хөмрөгт чонын тухай өгүүлэхдээ:

Чонын ам идсэн ч улаан
Эс идсэн ч улаан

Чоно харанхуйгаас
Чогчиго нүхнээс

Чоно зууснаан алдвал гуриатаж үхэх
Хүн зорьсноон алдвал төөрч одох

Чононд хонь хадгалуулах
Чомбод хүүхэн хадгалуулах хоёр адил

Чонын шагай
Морь буудаггүй

Чонын бэлтрэг хэзээ ч
Гэрийн нохой болдоггүй гэжээ.

Нэгэн зүйл. Миний уншиж үзсэн зохиолууд дотроос чонын тухай хамгийн
гайхалтай сэтгэл хөдлөм бичсэн зохиол бол Э.Сетон-Томпсоны “Лобо чоно”. Өнгөрсөн зууны хорь, гучаад оны үеийн манай улсын шилдэг сэхээтний нэг Дэмчигийн Буддарь хэмээх орчуулагч 1930-аад оны дундуур “Лобо нэртэй овт чоно” гэж монголчилсон эл зохиолыг хожим 1960-аад оны үед Э.Сетон-Томпсоны “Бор баавгай” хэмээх номд оруулан хэвлэсэн байдаг. Уран яруу найруулга бүхий эл зохиол нь Чононд зориулан үгээр босгосон хөшөө мэт санагддаг юм.

Нэгэн зүйл. Монголын зохиолчдоос чонын тухай олон жилийн туршид хамгийн олон удаа бичсэн хүн бол Бөхийн Бааст гуай билээ. “Бэлтрэг Дорж”, “Хангайн Бор”, “Хөвчийн Бор” зэрэг чонын тухай цуврал тууж бичиж байсан буурал зохиолч хамгийн сүүлд 2007 онд “Гэрийн, хээрийн хоёр хар амт” хэмээх дан чонын тухай өгүүлсэн түүвэр зохиолоо эмхтгэн гаргасан.

Нэгэн зүйл. Төрийн хошой шагналт зохиолч Д.Намдаг гуайн “Хөгшин чоно ульсан нь” гэж бас нэг сайхан тууж бий. Намдаг гуай эл туужаа анх 1965 онд бичсэн боловч үзэл суртлын хүлээснээс болоод хэвлүүлж чадалгүй байсаар бурхан болсон. Харин түүний эл зохиолыг хожим 1988 онд 3 боть зохиолын түүвэрт нь багтаан анх удаа хэвлэсэн түүхтэй. Түүнчлэн түүний урын санд "Сүрэг чоно" жүжиг/1938 он/, "Уулын хөх чоно" өгүүллэг/1950 он/ зэрэг бүтээл бий.

Нэгэн зүйл. Монгол ардын оньсого тааварт чонын тухай өгүүлсэн нь олон бий. Жишээлбэл:

Намайг хэн ч танина
Би нэг ч хүнийг танихгүй

Олсон бие гуйранч
Оносон санаа хулгайч
Очдог газар там
Одоо яадаг билээ?

Шун шун гүйдэлтэй
Шулмас мангасын царайтай
Гал шар нүдтэй
Ганцаар явах зоригтой гэсэн нь бүгд чонын тухай билээ.

Нэгэн зүйл. Чоно дагнаж зурдаг зураач ч бий. Нэгэн үе “Залуучуудын Үнэн” сонинд ажиллаж байсан зураач С.Чулуун гэж дандаа чоно зурдаг, найз нөхдийнхөө дунд “Чоно Чулуун” гэж алдаршсан зураач байв.

Нэгэн зүйл. Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар” Би-талын хөх чоно” шүлэгтээ бичсэн нь:

Би-талын хөх чоно!
Сур шиг сунаж,
Сухай шиг улайж,
Эрчит дөрвөн хөлөөрөө
Ээрэм талыг гаталж
Агт сайн морьдын туурайг сульдааж
Анч сайхан эрсийн хорхойг хөдөлгөж
Арван халтар нохойг замд нь цувуулж
Агшин бүрдээ үхэлтэй тэрсэлсэн
Би-талын хөх чоно!

Нэгэн зүйл. Даян дээрхийн дуудлагад:
Бөгтөр чонын бөгтөргөөр ирдэг
Халтар чонын хадаргаар ирдэг
Хан хүчит тэнгэр минь гэж гардаг билээ.

Нэгэн зүйл. Чонын шагай эр хүний хийморьт сайн хэмээн бэлгэшээж түлхүүрийн оосронд зүүх, гар утсандаа гангараа болгох моод сүүлийн жилүүдэд эрс өссөн.


Нэгэн зүйл. “Өлөн чоно үмх маханд үл цадна” гэж анчид ярьдаг...

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)


Дурсамж тэмдэглэл.

Чогжав гуай гэж нэгэн сайхан лам Бурхан байлаа. 1970 онд шинээр Шашны Дээд Сургуульд элсэн орсон бидний залуу лам нарыг Гандантэгчэнлин хийдийн лам нарын “Арван” гэдэгт хуваасан юм. “Арван” гэдэг нь Чингэсийн үеэс улбаатай засаг захиргаа, иргэний байгуулалтын нэгж юм билээ. Энэ нэгж биднийг оюутан болохоос өмнө Гандан хийдэд байсан, одоо ч байсаар байгаа бөлгөө. “...Арваны даргаас чөлөөгүй еэ хө!” хэмээн ардын дуунд хүртэл гэгэлзүүлэн аялдаг нь учиртай.

Гандангийн “Арван” гэдэг нь 60-аад оноос хойш үүсч Монгол орон даяар эрч хүчээ аван ихийг бүтээсэн “Социалист Хөдөлмөрийн Бригад” гэдэг шиг. Өвгөн лам нарынхаа гэрийг хаварт нь хамтран хөнгөлөх, намарт нь дулаалах, түлээ модоо нийлэн хөрөөдөж хагалах, Гандангийн хашаан дахь хүрдийг угаах, хэрмэн хашаагаа тойрон хэв журмын эргүүл хийх, хогийг нь цэвэрлэх, хийдийн гадаа болон дотор тарьсан модыг арчилах, услах зэрэг ажлыг ээлжээр хийдэг байсандаа. Угтаа шинэ залуу лам нарыг туслах хүч болгон тэдгээр аравнуудад тэнцүүлэн хуваадаг байсан юм. Тэр үед Гандангийн лам нар арван нэгэн арванд хамаарагддаг байсан юм. Баасан, Чойжамц бид гурав “Долоодугаар арван” буюу “Шар Умзад” хэмээн нэрлэгддэг Шаравсамбуу гуайн арванд хувиарлагдан тэнд харьяалагддаг байлаа.

Арванууд миний дээр дурьдсан ажлуудыг хамтран хийхийн зэрэгцээ бие биедээ байх, байхгүй ном судрын дэмжлэг үзүүлж, ойр дотно байхын зэрэгцээ гишүүн хэн нэг нь жилдээ өөрийн бололцоогоор нэгэн өдрийн хоолыг гэртээ бэлтгэн тэднийгээ цуглуулан хөгшин залуугүй халуун дотно яриагаа ярьж, бие биеэ шоолон өвгөдийнхөө залуу цагийн адал явдалтай дурсамж яриаг сонсон хөгжилдөн өнгөрөөдөгсөн. Энэ нь Гандан даяараа их дуулиантай.
-Тэдний аравныхан маргааш тэднийд хоолтой гэнэлээ. Манайх чинь хэзээ билээ дээ. Дондог зам, /тогооч/ хоолыг нь хийж байгаа гэнэ билээ. Баянхонгороос айраг нь ирсэн гэнэ билээ гэх зэргээр өвгөд хоорондоо сонин болгон хөөрөлдөх ярианы сэжим болох нь харахад сонсоход өхөөрдмөөр хөөрхөн байдаг байлаа. Тэд маань жаран наймаас дээш настнууд байсан юм.
Тиймдээ ч тэр хоолон дээр аравны дарга, дараагийн хоол төдөн сард тэдний өдөр “Тэднийд” хэмээн зарлаж, бид дахин аравнаараа цуглах тэр өдрийг тэсэн ядан хүлээж
-Тэр гуайн хоол хэдэнд билээ? хэмээн сураглацгааж байдагсан.

Чогжав гуай гэлэн сахилтай хүн. Өдрийн 1.00 цагт л хоолоо иднэ. Бусад цагт шүд хөдөлгөх юм идэх цээртэй. Гэлэн санваартай хүний “Суртахуун” зөвхөн хоолон дээр л гэхэд энэ буюу. Бусад 267 санваарыг нь энд дурьдаад илүүц биз. Үүнийг нь мэдсэн бид ном сураглах, биеийг нь асуух маягаар хааяа өдрийн хоолыг нь “Буудна”. Дандаа тэгж буудаад байгаагүй ээ. Хааяа зүгээр ороход Чогжав гуай хүүхэд шиг нэг их бондгосхийн давхийн цоцно. Даяанч багш маань нэг өдрийн хичээл дээр
-Та нар Чогжав ламын хоолонд нь болж тэднийх рүү гүйгээд байнаа даа янз нь. Цаад гэлэн чинь бариа тавианы үед хэзээ баригдах бол гэж айсаар байгаад цочимхой өвчтэй болчихсон юм гэсэн шүү, чочоогоод зүрхийг нь зогсоочих вий, холоос чимээ өгч очиж байгаарай. Өвгөн хүний аймхай зүрх юухан байх вэ? Хоолонд нь болж яваад цаад өвгөнөө хоолноос нь гаргачихав даа таминь.. хэмээн сургаж билээ. Түүнээс хойш учрыг мэдсэн бид хэд дор бүрдээ хичээж холоос хоолойгоо засан чимээ өгөх, хоорондоо ярилцах зэргээр гэр лүү нь очиж яваагаа мэдүүлдэг болж билээ.

Яг хоолных нь цагаар яваад ороход Чогжав гуай зуухныхаа өмнө сөхрөөд суучихсан галаа оролдосхийгээд буруу зөрүү харан эвгүйхэн зантай угтана.
-Учир мэдэхгүй юм. Хоол хийнэ гэдэг чинь амьтны мах хэрэглэнэ гэсэн үг. Би багаасаа хий өвчтэй, цагаан хоол зохидоггүй. Улаанбаатарт мах ямар байгаа билээ дээ. Хүнд хэдэн төгрөг өгч мах захина. Түүнийг хямгадаж идэх санаатай. Энэ чинь цаана нь бас л нөгөө амьтны амь байна. Та нар яахав, босон суун хэзээ л бол хэзээ идэж байдаг улсууд. Би чинь Бурханы өмнө тангарага өргөсөн гэлэн хүн. Өдөрт нэг л хооллоно. Хэцүү юм. Дамба багш, Батнасан, Баярбаатар бас чи...За Баасан ч яахав...салах юм биш...хувцасаа энд тайлдаг, сольдог нэртэй байнга байж идэж байдаг хүн...тэр тэгэхээс яахав...хоолны цагаар тааруулж ирээд байх нь төвөгтэй юм. Сургууль нээгдэхээс өмнө ямар ийм байсан биш...гэсэн шүү юм төвөгшөөнгүй ярина. Тэгэхэд нь
-За Чогжав гуай минь, ямар таны гүнцгийг тааруулах гэж бодсон биш. Ойрхон явж байгаад л биеийг чинь асуугаад гаръя! гээд ороод ирлээ. Явлаа! Явлаа! Та тайван хоолло! гэхэд
-Үгүй ээ! Чи зүгээр сууж бай. Би төвөгшөөсөн юм биш. Зүгээр л учрыг хэлж байна. Байж бай! Одоохон бууз боллоо. Хэдийг идээд яв. Ер нь тэгээд хүний хоолны учрыг мэдэж байх хэрэгтэй...л дээ гэсээр буузаа гаргана.

Тогооныхоо тагийг авч жижиг зэс тавагаар сайтар сэвнэ. Юм юм нь таарсан буузны үнэр өлссөн оюутан бидэнд мөн ч гоёсон. Тэгж буузаа сэвж байхад нь гал нь унтарна. Түлш нь тооцоотой. Түлш гэснээс биднээр модоо хагалуулахгүй. Өөрөө хагална. Харин биднээр модоо хөрөөдүүлнэ. Хөрөөдөх хэмжээ болгож нэг мод өгнө, тэр нь 28 см. Энэ нь зуухандаа таарсан хэмжээ. Энэ л хэмжээгээр бид арваад жил модыг нь хөрөөдсөн дөө. Хагалуулдаггүйн учир нь гэвэл бид томтой жижигтэй хагалаад хаячихна. Чогжав гуай өөрөө болохоор модоо ангилан хагална. Ангилах гэдэг нь хэрэгцээндээ тааруулан бүхэл мах чанах, цай чанах, хуушуур хийх, галаа асаахад гэх шиг хэрэгцээндээ бүдүүн нарийныг нь тааруулан хагалж багцлан хураана. Тийм болохоор чанах цай нь, ус, түүнийг сүлэх сүү, түүнийг болгох мод, түүнд зарцуулах цаг бүгд хэмжээтэй гэсэн үг. Биднийхээр бол яг л “автомат” удирдлагатай машин байлаа. Оёдолд бол ажилч “зөгий” байсандаа. Оёдол гэдэг маань угалзтай гөлөм, угалзтай гутал байсан юм.

Өвгөн лам буузаа болмогц сэвчихээд жижиг мөнгөн дэвгэнд гурван ширхэг бууз хийгээд бурхандаа өргөнө. Өөрийнхөө гэртээ барьдаг том модон тагшинд /хуралд барьдаг нь арай бага/ долоо найман бууз хийж аваад жигнүүрт үлдсэн буузаа хүрэн модон тавганд хийж, тогоо саваа цэгцлээд, хоолны өмнө уншдаг уншлагаа уншчихаад
-За чи хүлээгээд сууж бай. Нэгэнтээ ороод ирсэнийх. Би цадахаараа чамд өгнөө. Өгөлгүй яахав. Чи сууж бай! гээд өөрөө идэж эхлэнэ.

Хоолыг үнэхээр чин сэтгэлээсээ дурлаж, биендээ халдааж, таашааж, амталж идэх гэдэг тэр л болов уу. Буузныхаа нарийн үзүүрийг эхлэн хазаж, шүүсийг нь шорхийтэл сорж их дуу гарган шогжигнуулан дахин дахин сорон амталж тамшаална. Тэгээд жижиг жижгээр таалан хоёр завжиндаа шилжүүлэн удаанаар зажлах бүрийдээ хэлээрээ уруулаа шилэмдэн аах хэмээн амьсгалаа гаргана. Энэ мэтээр нэг буузыг ёстой шимийг нь барж, идэж дуусгана.

Түүнийг харж суухад өөрийн эрхгүй арааны шүлс асгарч, аманд хуримтлагдах шүлсээ залгиж бас идэх дурандаа бид дороо хавьчиж эхэлнэ дээ. Ийн болохоо байхаар нь
-За Чогжав гуай би явлаа. Шүлсээ залгиж ингэж танаас горьдож сууснаас явсан минь дээр гээд босох гэхэд
-Байз чи би одоохон цадах гэж байна. Байж бай! гэнэ. Тэгээд бас нэгэн буузыг тамшаалан байж идчихээд
-За одоо өгнөө! гэсээр өөр нэг том модон тагшинд овоолон байж хийгээд
-Аягагүй яваа биз дээ! Май одоо чи идээ! энийг гээд өгнө. Би тэрийг нь барахгүй.
-Хүнийг горьдоож тамлаж байснаас эхлээд хоёулаа идчихгүй дээ, Чогжав гуай. Хар шүлсээ гоожуулж таныг харсаар байгаад хий цадчихжээ...гэхэд
-Үгүй энэ чинь би өөрийгөө бодохгүй яах юм бэ? Юмыг яаж мэдэх билээ. Би чинь цадахгүй бол яах юм бэ? Та нар бол эндээс гараад л гэртээ, эсвэл гуанзанд ороод нэмээд идчихнэ шүү дээ. Би чинь гэлэн хүн. Учир нь үүнд л байгаа юм. За Баасанд бас хэдийг далд хийхээс! Хэзээ ч юм бэ? Идэхийн мөн болж, хэдэн хоног хоосон явсан юм шиг, намайг ч гэсэн залгичихаар өлссөн амьтан орж ирнэ гээд нилээд хэдэн бууз хийж зуухны хажууд тавиад дээрээс нь зузаан модон таваг хөмрөнө. Бүлээн байлгах гэж тэр.

Бид хоорондоо одоо ч ярьдаг юм.
-Чогжав лам гуай шиг бууз, хуушуурын амтыг нь мэдэрч, дэргэдээ суугаа хүнд мэдүүлж, Бурханыг ч гэсэн горьдоож иддэг хүн байхгүй байхаа...гэж. Сайхан амталж идэх чинь бас нэгэн урлаг бөгөөд дэргэдэх хүнийхээ хоол идэхийн дуршилыг дэвэргэж чаддаг билээ. Гэм нь...тийм сайхан идэхийг нь хараад сууж байх мөн ч хэцүү дээ. Тэгээд бас цадтал нь шүү. Уншигч та цадтал гэхээр нэг их юм бодож байгаа байх. Чогжав гуайн бууз ерийн айлуудын дунд зэргийн л бууз. Том ч биш, жижиг ч биш. Бид гурав хазаад л болдог бууз. Өвгөн маань ямбалж ямбалж, тамшаалж тамшаалж ердөө дөрөвхөн бууз л иднэ шүү дээ. Бууз нь бас л хэмжээтэй. Гурил, мах, шөл нь... Ходоод нь ч бас...тиймэрхүү байсан байхдаа. Бага залуугаасаа хэмжээнд нь хэвшүүлчихсэн.

Хоолыг нь отохоор бус ёстой биеийг нь асуухаар нэгэн өдөр орсон чинь Бурханыхаа доод шургуулгыг уудлаж, уудлаж хүрэн даавуунд боодолтой томхон юм гаргаж ирээд
-Май энийг үз аль хэр болж вэ? Би ганц дүүтэй юм. Мишигдорж гэдэг юм. Москвад амьдардаг. Энэ жил хугацаа нь дуусаад ирэх сурагтай. Ирэхээр нь өгөх юм. Сайн модон тагш олдохгүй болохоор нь Шаазангийн артелийн Дагвадоржид /хожим УГЗ болсон/ захиж байж шахмал аяга авахуулсан юм хэмээн том мөнгөн аяга үзүүлж байж билээ. Юм мэдэхгүй миний бие, мэдэхгүй ч гэсэн үзэж үзэж,
-Ийм аяга эр хүн барьж явахад яахав. Сайхан аяга болжээ л гэж билээ. Үнэндээ хэн ч үзсэн сайхан аяга гэхээс өөргүй аяга байж билээ. Хожмоо би Мишигдорж гуайтай танилцсан ах ламынхаа өөрт нь зориулан хийлгэсэн мөнгөн аяга шиг сайхан хүн дээ. 1970-аад оноос хойших үеийн сэхээтнүүд Мишигдорж гуайг ер нь мэднэ дээ. “Үнэн” сонины орлогч эрхлэгч, Москва дахь “Үнэн” сонины тусгай сурвалжлагчийн албыг хашиж байсан. Монголын сэтгүүл зүйн нэрт төлөөлөгчдийн нэгэн болой.

Нэгэн хаврын налгар өдөр манай аравныхан Чогжав гуайндаа цаг болзон цугларч ээлжит хамтын хөдөлмөр болох тэдний гэрийг хөнгөлөх ажлаа эхэллээ. Чогжав гуай уламжлал ёсоор
-За би үүнийгээ аваад гарлаа. Тэгээд та нар өөрсдөө хийдэг ёсоороо л мэдээд хий. Болж л өгвөл байсан юмыг байр байранд л тавиарай. Хожим хайх гэж төвөг болдог юм...гэсээр эсгий олбогны тасархайгаар бүрсэн хүнд хар дөшөө аваад гарав. Чогжав гуай өөрөө уран хүн болохоороо уран хийцтэй сайхан Бурхан шүтээнтэй. Тэр нь Занабазар хутагтын хийц юм гэнэ билээ. Бурхандаа хоолны дээж тавина. Дүйцэн өдрүүдээр зул өргөнө. Ер нь гэр доторхи нь замбараагүй тийшээгээдээ. Гэр хөнгөлөх, дулаалахдаа бид л Бурхан тахилд нь гар хүрч, тоосыг нь арчиж өгдөг байсан болов уу гэмээр.

Чогжав гуай дааж ядан авч гарсан дөшөө эвтэйхэн гэсэн газраа тавьчихаад туслахаар ирсэн Гандангийн оёдолчин авгай нарт бүрээснийхээ муудсаныг яаж оёж, нөхөхийг зааж, заавардаж тэр хавиар эргэлдэнэ. Ерөнхийдөө гэрийг нь яаж хөнгөлөх, яаж дулаалахыг “аравны дарга” Шар унзад хэмээгдсэн Шаравсамбуу лам гуай удирдана даа. Үдийн цаг дөхүүлээд Чогжав гуай гэрийн бүрээс тавиад дуусмагц өөрийн хариуцсан хүн бүрийн нормтой хайлсан хуушуураа хийж эхлэнэ дээ. Сармис, сонгино, шар тос ханхлуулаад л, ээдээ мөн ч сайхандаа. Хуушуур хайрна гэдгийг манай Чогжав гуай л нэг нэртэй нь дүйлгүүлэн хийж сурсан хүн байлаа. Бидний хуушуур хайрна гэдэг маань үнэндээ том хавтгай буузыг тосонд чанахын нэр юмдаа. Хайрах гэдэг чинь хайрахыг л хэлдэг юм билээ. Чогжав гуай зузаан ширмэн тавагны ёроолыг сүүлээр арчиж тослоод хуушуураа хоёр талаар нь эргүүлж хайрахдаа эргүүлэх бүрийдээ сүүлээр тавгаа тослоно. Бид яадаг билээ дээ. Хуушуур нь хагарч шажигнан их тос нь үсчээд л сүртэй юм болдог шүү дээ. Үнэндээ хайрсан хойноо идэхэд сайхан болохоос бус бидний хувьд хуушуур хийхэд төвөгтэй хоол доо. Энэ бидний чадахгүйд л байгаа юм билээ. Манай Чогжав гуайн хувьд хийхэд шөлтэй хоолноос хялбар бөгөөд хийгээд идэхэд амттай бөгөөд чанартай учраас голдуу бууз, хуушуур зооглодог байсан буй заа.

Нэгэн удаагийн гэр дулаалах ажлаа эхлээд байтал Чогжав гуай
-Хөөе! Tа нар гараарай! Гэсгүй гуайн өнөө сахилгагүй шар “дөшин” дээгүүр харайгаад алга боллоо. Олоод ирээрэй! Олж ирж ариулахгүй бол болохгүй! хэмээн сандрав. Дүрсгүй шар гэдэг нь хожмоо ШДС-ийн сантехникийн засварчин болсон, Гандан хийдийн их гэсгүй Төмөр-Очир гавжийн ганц эрх хүү билээ. Бид гарлаа. Дор бүрдээ дуудан хайлаа. Төмөрөөгийн бараа алга. Түүний ээж Цэнд бугай бидний дэргэд бүрээс нөхөөд сууж байгаа хэрэг. Тэгтэл өнөөх Төмөрөө Гандангийн аж ахуйн хашаа руу давахдаа цаашаа нэвт гарсан хадаасны үзүүрт гэдсээ хүүлээд түргэн дуудуулаад байна гэж хэл ирэх нь тэр.

Төмөрөөгийн ээж зүү утсаа хам хум тавиад цойлдож, нөхөх ажлаа орхиж явахдаа Чогжав гуайд
-Таны дөшөн дээгүүр харайгаад гарсан юм бол тэр золиг гэдсээ хүүлэх нь юу ч биш л дээ. Та утлага, рашаан хайрлана уу? Эмнэлэг аваад явахаас нь өмнө тэрийг ариулья хэмээн байж билээ. Урьд нь гэрийн ажил болоход Чогжав гуай эхлээд дөшөө аваад гараад явчихдаг. Бурханаа бидэнд даатгачихдаг болохоор нь учир мэдэхгүй бид
-Та ч “Бурхан” дөштэй хүн юмаа! хэмээн дооглоход
-Бариа тавианы үед энэ Ганданг нээгдэхээс өмнө намайг хоолтой байлгасан юмаа. Энэ чинь ...гээд инээдэг байсан. Төмөрөө гэдсээ хагалан сүйд майд болж байхад Чогжав гуай харин
-Та нар намайг шоолоод л байдаг. Би Дархан хүн биш! Энэ дөшөөр хоол олж иддэг байсан гэж хэлдэг шүү дээ. Е р нь дархан хүний Дөшийг Бурхан шиг бодож яв. Бурхан яахав хол байх. Харин сайн дарханы Дөшийг ер нь хажууд нь байгаа, бараг Бурхан болчихсон эд гэж санаж явахад илүүдэхгүй. Хариугий нь та нар сая үзлээ шүү дээ. Гэхдээ би чинь дархан хүн биш тааруухан гэлэн шүү дээ. Энэ дөш бол хэдэн үеийн дарханы Дөш...гээд залган сайхан, хүүхдэрхүү бас доогтой инээж байж билээ. Чогжав гуай ер нь тэрүүхэндээ, чимээгүйхэн инээдэг хүн л дээ.

Цагаан сарын хурал номын ажил өнгөрөөд л Чогжав гуай хэдэнд ч юм бэ, бүү мэд угалзтай монгол гутал, угалзтай гөлөм хоёрыг зэрэг эхлэн эсгэж, шивж, оёж эхлэнэ. Нэг нь аяганы ширээн дээр, нэг нь орон дээр нь дэлгээтэй, угалзны хэв мод, олс, сарьс, сайр тэднийхээр хөглөрөх нь тэр. Хөглөрөөтэй байсаар намрын хяруутай золгоно. Тэр хугацаанд жаахан гэр нь оёдолын цех шиг. Аяга шанага Бурхан тахилтайгаа хамт холилдон байна даа. Ямагт зүү нь учигтайгаа, шивүүр нь дэргэд нь байна. Хурлын завсарлага, гэртээ ороод гарах, хоолоо хийж байх, хүнтэй ярилцаж байх зэрэгтээ өнөөхөө/гутал, гөлмөө/ хэд хатгана. Залгуулаад хэд шивнэ. Сууж хийхгүй, орхихгүй, орон гарав дөрөв, тав хатгаад л шивээд, оёод л явна. Нэг өдөр би
-Чогжав гуай минь дээ! Ингэж өөрийгөө ядрааж зовоогоод, гэрээ хөглөрүүлж, тав тухаа алдаж ямар хэрэг байнаа. Нэг долоо хоног оёод л дуусгачихаач дээ ..гэсэн чинь
-Үгүй ээ! Тэгдэггүй юм. Хүнд хийж өгсөнийх нэг насны юм хийж өгөх хэрэгтэй. Хийлгэх, хийлгүүлэхийн учир энд л байгаа юм. Чи сая өөрийгөө ядраагаад гэж байна. Яалаа гэж харин жаргааж байгаа юм. Хийж байгаа ажлаараа жаргах ёстой. Үүнд сэтгэл чухал. Сэтгэлгүй албадлагаар, мөнгөний төлөө хийсэн юм авсан хүндээ ч, хийсэн хүндээ ч хэрэг тусаа өгдөггүй юм. Гутал, гөлөм хоёрт түмэн оёдол байдаггүй юм. Орон гаран найм, ес хатгаад шивээд явахад цагийн тоогоор талийчихдаг юм. Суугаад оёход бусад ажил хоцорч, суудалдаа ядарч, нүд чилж, хуруу бяцарч цаашид оёхоос зүрхшээдэг юм. Ухаандаа зовлогоо зовоож байгаа хэрэг. Над шиг ингэж оёх нь алдаагаа ойрхон ойрхон арван хатгацын дараа, хоёр хуруу зайд шалгаад, засаад явчихдаг юм. Хийгээд дуусгачихсан хойно хийсэн битгий хэл, авсан хүн ч нийт угалзанд нь хууртаад нэгэн хатгацын алдааг олж хардаггүй юм.

Оёдолд нэг хатгацын алдаа гэдэг чинь уг эдийн чанарт яваандаа муугаар нөлөөлдөг юм. Бас ингэж бага багаар удаан оёж, алдаа гаргаагүй бол оёж байгаа хүн дараа дараачийн хатгацыг улам сайн хийхсэн гэж өөрөө урамшдаг юм. Би чинь сайн оёж байна шүү гэж өөртөө урам өгөх нь, зав л гарвал хэд хатгачихсан гэсэн ажилдаа яарах сэтгэлийг төрүүлдэг юм. Хийнэ, хийж байна, хийхсэн гэсэн сэтгэл нийлж байж сайн эд урладаг юм. Сайн эд хийлгэлээ дээ гэж сэтгэл ханасан хүн сайн харамж өгдөг нь хүний ёс. Өмнөговийн нэг өвгөн надад намрын хяруунаар ёстой төртэй хоёр хонины мах, шүдлэн үхрийн мах нэгийг авч ирж өгөөд миний оёсон гутал, гөлөм хоёрыг аваад буцдаг юм. Түүнийг ирэхэд л би сүүлчийн утсаа хатгаж, учгийг нь зангиддаг юм. Тэгэхээр би юундаа яарах билээ дээ.

Танай Дамба багш, ер нь манайд ирж миний гүнцэгнээс хороолцдог та нар чинь угтаа миний гурван улирал оёсон гөлөм, гутал хоёрын хөлсийг идэлцэж байгаа юм шүү дээ. Тэгээд би хоолоо элбэг хийдэгийн учир тэр юм шүү. Хүн ер нь олсоноо хувааж идэж байх юм шиг та нарт заадаг байсан байхаа. Хувааж идэхэд учир бий. Бүр их бий. Би гэлэн хүн. Идэлцэхэд ч, идүүлэхэд ч их учир бий. Богд лам “Бодь мөрийн зэрэгтээ” тодорхой заасан. Та нар одоо судлаж байгаа гэнэлээ. Би гэлэн хүн хэнтэй хувааж идэхээ сайн мэднэ. Үүнийг “Гэлэнгийн суртахуун” номонд заасан. Би гэлэн сахил хүртсэн цагаасаа эхлэн Богдын заасныг алдахгүйн төлөө чармайж явна даа хэмээж билээ.


Өвгөн лам нарын болон Гандан хийдийн олон түлхүүртэй нярав нарын эзэмшдэг цоож онгойхгүй буюу түлхүүрээ гээчихсэн, олохгүй болсон үед манай Чогжав гуайг сураглаж сүйд болцгооно. Чогжав гуай гутлынхаа түрүүнд нэгэн урт төмөр сэтгүүр үргэлж хийж явах бөгөөд цоож онгойлгодог багаж нь ердөө тэр. Үеийн өвгөн лам нар нь
-Цаад Чогжав чинь ямар ч цоожийг үлээгээд онгойлгочихдог юм. Тэгдэг тариныг тоонд нь хүргээд тоолчихсон хүн. Сэтгээд онгойлгож байгаа дүрийг л үзүүлдэг байхгүй юу. Үлээчихдэг юмаа. Цоожны өргөс нь подхийгээд л үсэрчихдэг юм...хэмээлддэг. Нэгэн арван боловч тэр эрдмийг нь би үзээгүй ээ. Надад тийм завшаан тохиолдоогүй. Яагаад гэвэл цоож, сав хариуцдаг ажил хийж байсангүй. Хэрэв байсансан бол би Чогжав гуайгаа өдөр бүр залах байсан буйзаа.

Нэгэнтээ манай доод ангийг төгссөн хэдэн залуу ламд тохиолдсон явдлыг тохиолдох ч гэж тохиолдуулсан явдлын тухай, одоо Монголын уламжлалт эмнэлгийн нэртэй эмч болоод байгаа Сэнгэ-Очир лам Багануурын зочид буудалд надад ярьсан юм. Сэнгэ-Очир лам Баянхонгор нутгийн цуутай эмч лам бөгөөд Хайдав доктортой хамт эртний Монгол-Төвдийн орхигдон дарагдсан уламжлалт эмнэлгийг шинэ үед дахин сэргээсэн Доржжанцан гуайн гарын шавь бөлгөө. Түүний эрдмийг өвлөн авсан хүн тэр л болой. Тэр надад ийн ярьсан юм.

Лам нар ээлжээр Гандан хийдийн тахилыг сэргээж, сахиж хонодог нэгэн алба эртнээс уламжлалтай юм. Одоо ч үргэлжилсээр. Сэнгэ-Очирт ээлж ёсоор тэр алба нэгэн шөнө таарч гэнэ. Хоногийн лам шөнөдөө дугануудаа эргэж, зул жаргахыг харж, эрт жаргасан зулыг сэргээхийн зэрэгцээ хамгийн чухал ажил нь өглөө болдог бөлгөө.

Өглөө. Хийдийн дунд гадаа байдаг сангийн том бойпорт сан тавих бэлтгэлээ хийж, жасын зуухыг галлаж аргалын цог бэлтгэнэ. Бас Цорж лам, Унзад, гэсгүй нарыг морилон ирэхийг харуулдан тэднийг ороод ирмэгц нь хүндлэлийг үзүүлж, суудалдаа мориломогц нь “Жадамба” судрыг тэднээр уншуулахаар хэсэглэж багцлан өргөн барина. Уншмагц нь эргүүлж дарааллаар нь болгон шоголд нь хийнэ. Жасын энэхүү Жадамбыг 8-р Богд Жавзундамбын мэлмий муудахад засрал олгохын тулд 29 ширхэгийг тусгайлан барласан гэдэг. Мөн Жасад гол шүтээнүүд дунд голлуулан зассан Жигжид бурханы шуумал бас 29 ширхэг юм гэнэ билээ. Одоо бусад Бурхан, судар хоёр хэд нь хаана үлдсэн нь ёстой бүү мэд юм даа.

Ийм учраас Гандан хийдийн лам нар эдгээр шүтээнүүдийг эрхэмлэн үздэг юм. Ихэс лам нар “Жадамбаа” айлдаад буцааж өгч дуусмагц хоногийн лам гарч бэлтгэсэн сангаа тавина. Тэхэд бүрээний лам нар бүрээний шатны саравчинд өгсөн гарч ариун цагаан лавайг дөрвөн зүг, найман цогцост дуурсган үлээж өглөөний хурал ном эхлэх дуудлага болгоно. Хоногийн лам мөргөлчдөд түгээх рашааныг Очир-Дарийн дуганаас авч аривнуулан жасад оруулаад дараачийн хоногийн ламд жасын түлхүүрийг хүлээлгэж өгөөд “хоногийн албаа” хааж дуусах нь тэрээ.

Тэр нэгэн өглөө Сэнгэ-Очир лам энэ үүргээ гүйцэтгэж хоноод байтал тэдний ангийн лам Энхбат, бас хоёр залуу ламын хамт орж ирж өглөөний манжны дээжээс ууж байснаа/манжны дээж өглөө хоногийн ламд эхлэн ирдэг юм/Сэнгэ-Очирын бүсэнд тээглүүлээр нь дүүжилсэн жасын хаалганы мөнгөн чимэгтэй хоёр том түлхүүрийг хармагцаа
-Хөөе! Сэнгээ...хурдлаач! Хэдүүлээ нэг юм үзье! Чогжав гуай түлхүүргүй цоожны өргөсийг үлээгээд онгойлгодог юм гэсэн. Хэдүүлээ үзье! Одоо очоод Чогжав гуайг аваад ирье. Чогжав лам их сандруу, сандраагаад аваад ирье! Хурдлаарай Чогжав гуай! Жасын түлхүүр олддоггүй. Цорж, гэсгүй нар ирэх болчихлоо гэж сандраагаад аваад ирье. Хаалгаа цоожилчих! гээд л өөрсдөө сандран тэднийх рүү гүйцгээж дээ.

Чогжав ламынх Орхоны 7-р гудамжинд дунд хирд нь байсан юм. Орхоны энэ гудамж Гандан хийдийн зүүн талын асартай хаалганаас гуравдахь гудамж юм. Тэд сүрийг үзүүлэн амьсгаадсаар Чогжав гуайнд гүйн очиж, хашааны хаалгыг нь хадаасаар онгойлгоод /Чогжав гуай өөрөө тэгж онгойлгодог юм/
-Чогжав гуай гэж дуудалцсаар гэрт нь орсон чинь тэдний сүртэй чимээнээр нэг л хэрэг гарч гэдгийг мэдсэн өвгөн лам дээлээ өмсөөд зогсож байна гэнэ. Тэд
-Хөөе! Чогжав гуай. Энэ Сэнгэ-Очир хоногт хоносон юм. Тэгсэн чинь жасын түлхүүрийг гээчихэж, одоо Цорж, гэсгүй нар ирэх, бүрээнд гарах цаг болчихлоо. Та л онгойлгож өг! гэсэн чинь Чогжав гуай
-Түлхүүрийг нь гээчихсэн юм бол би ч яах юм бэ? тэрийг чинь гэж гэнэ. Нөгөө хэд та л онгойлгож өг! Хурдлаач! гээд л Энхбат бяртайгаар тэврэн мөрлөж, нөгөө нэг нь хаалга онгойлгож, нэг нь орхимжийг нь шүүрч аваад л жас руу гүйцгээж гэнэ. Чогжав гуай
-Элэг доргиод, үхлээ хөөе! Өөрөө явья! хөөе! гэж дуугарч байна гэнэ. Тэд
-Цаг боллоо. Болохоо байлаа. Чогжав гуай минь одоо хүрлээ гэсээр үүрээ дүүрээ болсон хөгшин залуу хөгийн лам нар амьсгаадсаар жасад ордог юм байж.

Чогжав гуай
-Яачихсан улсууд байнаа. Хоёр түлхүүр хадгалаад хонож чадахгүй. Бас сандрааж байгаад өнөө муу сэтгүүр мартуулчихаж, би юугаараа онгойлгох болж байнаа. Жасын энэ цоож чинь Цолмон дарханы хийц, сэтгүүрээр гарахгүй эд ээ. Мөн ч сайн цоож доо. Өргөс нь гэж цул ган л даа гээд цоожийг илж байх юм гэнэ. Гэтэл ёстой Цорж ламын овоодой жасын цонхоор өнгөрч, хэдэн лам маань үнэндээ тэвдэж, нэг нь Цорж ламд хаалга нээж өгөхөөр гүйж, хоёр нь холдож, орхимжоо буулган хөшөө шиг зогсож, Цорж ламтан ч ороод ирж, Чогжав гуай ч мөнөөх мөнгөн тоногтой цоож руу нэг тонгойх шиг болоод л
-Цорж та морилогтун! гээд жасын хаалгыг онгойлгон тэлж өгөхөд Цорж лам Осор гуай
-Чогжав залуу лам нартай хоногт хонодог болоо юу? гээд инээвхилж дээ. Тэгээд л уламжлалт ажил өрнөж “Жадамбаа” Цорж, гэсгүй, унзад нарт тарааж, сан сунгаа тавин бүрээ юугаа татаж лам нар дуганыхаа үүдэнд “Мэгзэмээ” айлдаад хуралдаа морилж дээ.

Ингэж “хоногийн лам” Сэнгэ-Очир хамгийн чухал ээлжит ажлаа инээдтэй бөгөөд ёсоор нь хийж дуусгаад цоожныхоо өргөсийг эрээд олдоггүй гэнэ. Аргаа ядсан тэрбээр дуганд ороод Чогжав гуайн чихэнд шивэгнэн
-Цоожны өргөс яасан бэ? Та...гэсэн чинь
-Юун та гэж. Би яаж мэддэг юм бэ? Хоногийн лам чинь чи биз дээ? Та нараас болж Цоржоос айж, бас сандраад...зүрх...зүрх..явж үз. Тэр хавьцаа хайхгүй юу? Цоожны өргөс хаашаа гарах ёстой билээ гээд халгаасангүй гэнэ.
Сэнгээ лам жасад эргэж ороод эрээд байж, тэгсэн чинь пийшин дээр хайлуулж хоносон шилтэй шар тоснуудаа авахаар орж ирсэн Тахилч лам Тогоохүү
-Хөөх! Энэ юун цоожны өргөс вэ? түлээн дотор байх чинь. Ямар нь цоожныхоо өргөсийг энд хаядаг байнаа! гээд бариад зогсож байсан. Зуухны дэргэдэх түлээний дөрвөлж жасын хаалга хоёрын хооронд бараг дөрвөн метр газар даа. Хачин юм шүү. Чогжав гуайг цоож үлээгээд онгойлгодог гэдгийг бид тэгж үзсэндээ. Үнэн юм билээ. Нэг их сүр болж үлээдэг юм биш билээ, Чуука ахаа хэмээн ярьж билээ.

Ийм нэгэн өвгөн гэлэнгийн амьд сэрүүн ахуйд хэдэн жил гэрээр нь орж гаран бужигнаж, элдэв эрдмийг нь үзэж харж, хоолыг нь хороож явсан нь бидний бас тэдний буян юм болов уу. Өчүүхэн лам би бээр энэхүү өгүүллэгийг тэрлүүлсний учир нэгэн зул өргөсөн буян болох болтугай.

Гэвш лам Элдэжигэн овогт
Ш.Чулуунбаатар


Жич: Энэхүү дурсамж нь бурхан болооч ламтаны сүүлчийн гар бичмэл бөгөөд хаана ч хэвлэгдээгүй болно. Жанч халсан гэвш ламтаны гар бичмэлийг надад итгэн өгч блогтоо тавих бололцоо олгосон сайхан сэтгэлт сэтгүүлч Л.Эрдэнэмаад түмэнтээ талархаад ч барамгүй. Дээд тэнгэрийн оронд заларсан ламтан маань түүний энэ буянтай сайхан үйлсийг хараад магад баясан мишээж суугаа гэдэгт итгэнэм.
Энэтхэгийн Наландагийн Их Сургуульд Жагарын орны их эрдэмтэн Шантидэвагийн "Бодичарияа аватара" хэмээх гүн ухаан, яруу найргийн алдарт зохиолын есдүгээр бүлгийн философи сэтгэлгээний асуудлаар гүн ухааны докторын зэрэг хамгаалсан энэ эгэлгүй их эрдэм номтой хуврагийн гар бичмэлд үг үсэг, найруулгын ямар ч засвар хийсэнгүй ээ. Ядуу бичээч би яахин тэгж бөх зүрх гаргах билээ?
"Сэтгэлээ зөв төвлөрүүлж, оюун ухаанаараа гэгээрч, хорвоогийн бүх шуналаас ангижирч, үнэний замаар урагшилсан хүнийг л жинхэнэ лам хэмээнэ" гэж Бурхан багшийн сургаалд айлдсан байдаг. Тэгвэл ёстой жинхэнэ номтой лам байсан энэ хүний нэг хүүхэд нь Америкт, нөгөө нь Швейцарьт сурдаг юм гэсэн. Эцгийнхээ амьд сэрүүн ахуйдаа туурвисан сүүлчийн бүтээлийг олж үзвэл тэдний сэтгэл нь жаахан ч гэсэн амирлах болов уу хэмээн мунхаглан сууна.
Өчүүхэн би бээр унтах нойроо хугаслан байж энэхүү гэр бичмэлийг сийрүүлсний учир нь ламтаныхаа хойноос нэгэн зул өргөсөн буян болох болтугай. УМ МА НИ БАД МЭ ХУН.
SORONZON

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (6)


Эртээ урьд цагт нэгэн гүнж амьдарч байжээ. Тэрээр хосгүй нууцыг хадгалж байлаа. Иймэрхүү маягаар үлгэрүүд эхэлдэг нь олонтаа. Харин бид үлгэрийг бус үнэн явдлаас үүдэлтэй эртний Хятадын он дарааллын бичигт дурьдагдсан домгийг өгүүлье.

Энэ нь торгоны нууцын тухай юм. Хааны олон гүнжийн нэг нь хадамд гарч харь орныг зорихдоо цэцгээр үйлдсэн гайхмаар сонин бүрх малгайг тэргүүндээ залж явжээ. Тэрхүү чамин малгайдаа торгоны хүр эрвээхэйн үүрийг нууж, Энэтхэгт амьдардаг сүйт хархүүдээ дамжуулахаар тэгтлээ гангарчээ. Ийнхүү торгоны нууц бусад оронд тодорхой болсон гэнэ. Эл хэрэг шинэ тооллын өмнөх XY зууны тагнуулын сонгодог жишээ болон тэмдэглэгджээ.

Ер нь хүн төрөлхтний өсгөж үржүүлэн үр шимийг нь хүртсэн амьтдын дотроос хүр эрвээхэйн авгалдай хамгийн жижиг нь атлаа хамгийн их баялгийг өгсөн нь биш гэхнээ тэргүүн эгнээнд залрах нь магад. Хүн хувцас хунар хийж өмсөхийн тулд ялмын хүр эрвээхэйг ашиглаж сурсаар олон ч зууныг элээжээ.

Хятадын хатан хаан Си Линг-чи ялмын хүр эрвээхэйн ашиг тусыг анх олж мэдсэн тухай дорно дахины домог байдаг. Си Линг-чи нэг өдөр ялмын модот цэцэрлэгтээ цай ууж суутал аяган дотор нь хүр эрвээхэйн авгалдайн гэр унажээ. Хатан хаан түүнийг халуун цайнаас авч хаях санаатай барьтал утасны нь үзүүр тааралдан хөвөрч, тэгмэгц тэр утсаа хөвөж торго нэхсэн нь аятайхан болсон гэнэ. Тэр үеэс эхлээд хаад ноёдын дээд хувцсыг хүр эрвээхэй гэдэг өнгө үзэмж муутай, саарал эрвээхэйн авгалдайн ороосон торгон утсаар хийдэг болжээ.

Эндээс үзвэл эмэгтэйчүүд торго хийх аргыг ч нээж, түүний нууцыг ч бусдад анх задалсан аж. Дашрамд дурьдахад бүсгүйчүүдийн хамгийн эртний мэргэжил гэж цоллосон “хэцүү нэрт мэргэжилтэй” л холбодогоос биш хэрэг дээрээ эмэгтэй хүн бараг бүх мэргэжлийн анхдагч нь юм. Үүнд газар тариалан, мал аж ахуй, гар урлал, худалдаа наймаа бүгд орно. Гэвч энэ бол тусдаа өгүүлвэл зохих сонирхолтой зүйл тул орхиод хатан хаан Си Линг-чигийн үе рүү эргэж орьё.

Торго үйлдвэрлэх болсон түүх намтар гэвэл шаазангийн түүхтэй тун ойролцоо гэж хэлж болно. Энэ бол бас л Хятадын үндэсний нь нэг нууц. Олон зуун улиран өнгөрсөн боловч үнэт бөс даавуу үйлдвэрлэх аргыг энэ орны хүрээнээс гадагш хэн ч мэддэггүй байлаа. Торго нэхэх нууц задруулсан хүнийг цаазаар хорооно гэсэн зарлиг ч байсан ажээ. Уг нууцыг задруулалгүй хадгалж ирсэн талаар хэд хэдэн ч ном бичиж болох биз ээ.

Бага Энэтхэгийн хааны хатан болсон Хятадын нэг гүнж ирээдүйн эр нөхөртөө үнэнч хайр сэтгэлтэйн тэмдэг болгов уу, эсхүл өөр саналагт автсан уу, алин боловч амь насаа юман чинээд бодолгүйгээр ялмын хүр эрвээхэйн нэг үүр хулууж явснаар Хятад торгоны цор ганц орон байхаа больжээ.

Жавахарлал Неру “The Discovery of India” /”Энэтхэгийг нээсэн нь” гэсэн эл бүтээл монгол хэл дээр дуун хөрвүүлэгчээ хүлээсээр буй/ номдоо “...бүр шинэ тооллын өмнөх IY зууны үеэс зөөж байсан Хятадын торго шиг тийм сайн биш нь мэдээж ч гэсэн Энэтхэгт торгыг мөн маш эртнээс хийж эхэлсэн юм. Харин Энэтхэгийн торгоны үйлдвэрлэл тийм ч их алс эртний үед биш хожуу хөгжжээ” гэсэн нь дээрх домгийн агуулгыг төдийгүй цаг хугацааны хамаарлын бодитойг давхар нутална.

Торгоны нууцыг Хятадаас Энэтхэгт нэвтрүүлсэнтэй ойролцоо шахуу үед Японы арлууд дээр торгоны эрвээхэйн хүрэнцрийг үржүүлж эхэлсэн гэж зарим хүн үздэг явдал ч бий. Японд ч гэсэн торгоны үйлдвэрлэл эзэн хааны өрх гэрийнхний нууц байсан авч төдөлгүй Японы хунтайж Сью Ток Дайси уг нууцыг ард олондоо тараасан учир торгоны эрвээхэйн хүрэнцрийг газар сайгүй үржүүлдэг болжээ.

Неру алдарт “Glimpses of world history” /Монгол хэл дээр “Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл” нэртэй гарсан/ бүтээлдээ:
“Хятадад шинэ угсааны хаанчлал тогтохыг үл зөвшөөрөн Хятадаас гарч одсон Ци Цзы хэмээгч өөрийн талынхны таван мянган хүнийг дагуулан дорно зүг явсан. ... Тэр Солонгост очиж уг орныг Чосон хэмээн нэрэлжээ. Энэ бол шинэ тооллын өмнөх 1122 он байв. Ци Цзы тэнд Хятадын урлаг, гар үйлдвэр, газар тариалан, торгоны үйлдвэрийг нэвтрүүлжээ” гэсэн байдаг. Тэгэхээр Япончууд Солонгосоос торго хийх аргыг дам сурсан бол уу?

Торгоны үйлдвэрлэл нэвтэрсэн улс орон дор бүрийдээ түүнийг үндэснийхээ нууц гэж зарладаг нь ёс байв. “Торготны ам бүлд” шинэ шинэ улс орон нэгдэж нийлэх нь тун удаан, амаргүй хэрэг байлаа. Ам бүлд багтах нь битгий хэл аяллын замыг эзэмших явдал нь асар том асуудал, аян дайны шалтгаан, улс гүрнүүдийн оршин тогтнох, харилцаа холбооны цөм болж байсныг түүх гэрчилнэ.

Энэтхэгийн дараа их сүүлд Европ “”Торгоны ам бүлд” нийлжээ. Тухайн үедээ хүчирхэг гүрэн байсан Византийн эзэн хааны ордны нууц өрөөнд нэг орой бүдүүн бүдүүн таяг тулсан хоёр гэлэн орж иржээ. Хаалга хаагдмагц хоёулаа таягаа хугалж, дотроос нь хүр хорхойн эрвээхэйн үүр ширэн дээр асгаснаар европчууд торгоны нууцыг эзэмшсэн ажгуу.

Торгоны үйлдвэрлэл XIII зууны үед арабуудаар дамжин Испанид дэлгэрчээ. Улмаар 1130 онд Сицилийг, яваандаа бүх Италийг хамарчээ. XYII зууны үед Франц улс торгоны хүрэнцэр үржүүлэх, торго нэхэх талаар Европдоо тэргүүлэх болсон.

Эдүгээ торгоны үйлдвэрлэлээр Япон дэлхийд нэгд орж байна. Хятад, Солонгос, Энэтхэг, Дорнод Европын хэд хэдэн орон торгоны үйлдвэрлэл эрхэлж байна. Харин торгоны хамгийн эртний бөгөөд ойрын хэрэглэгч орны нэг Монгол “торгоны ам бүлд” өдгөө хүртэл багтаагүй л явна.

Нэгэн мянганаар тогтохгүй жил хэрэглэж, нэгэн үе “Их торгоны зам”-ыг гартаа барьж, торгоны эх орныг эзлэн суугаад ч Монголчууд бид мөнөөх хэрэглэгч төдий хэвээр үлдсэн нь юуных билээ?
Жич: Энэхүү бичлэгийг бурхан болооч ах маань арваад жилийн өмнө Анармолор гэсэн утга зохиолын нууц нэрээр "Нар" сэтгүүлд хэвлүүлж байсан билээ.

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (2)